САЙН ХӨГЛӨГДСӨН ХУУР САЛХИНД ӨӨРӨӨ ДУУГАРДАГ

1661986_1529668330627991_5072642873501147277_n - Copy - Copy - Copy

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Түргэн сумын уугуул Баясгалангийн Сүхбаатар нь 1983 онд төрсөн. 1999 онд Түргэн сумын 8 жилийг төгсөж, 2002 онд Увс аймгийн Улаангом коллежийг сийлбэрчнээр 2007 онд Соёлын Дээд сургуулийг хөгжмийн багш, хөөмэйчин мэргэжлээр тус тус төгсч дүүргэсэн.
2006 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ЕБС-д хөгжмийн багшаар багшилснаар урлаг соёлын ажлаа эхэлсэн.
2008-2010 онд Баянзүрх дүүргийн 45-р цэцэрлэгт хөгжмийн багш
2010-2012 онд 58-р ЕБС-д хөгжмийн багш
2009 оноос хойш өөрийн “Мөнх Тэнгэрийн Эгшиг” ХХК-г  үүсгэн байгуулсан ба уг компани нь Монголын Үндэсний морин хуурын үйлдвэр, үндэсний бүх төрлийн хөгжмийн сургалт, хөгжмийн дэлгүүр, дуу бичлэгийн студи,  “Дөмөн” продакшн зэрэг урлагийн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
2014 онд Монголын анхны морин хуурын “Жонон Хар” музейг байгуулж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй тогтмол явуулж байна.
1999 оноос өнөөг хүртэл тасралтгүй 18-н жил мастер морин хуурыг урлаж, бусдад сургаж мэргэжлийн морин хуур урлаачдыг бэлтгэж ажлын байрыг бий болгон ажиллаж байгаа бөгөөд жуулчдад ардын урлагийн тоглолтыг зун бүр толилуулж аялал жуулчлалын салбартаа багагүй хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Түүнчлэн Б.Сүхбаатар нь олон сайхан дууны үг, ая зохиосон ба эдгээрээс дурдвал:
“Аялгуут сайхан морин хуур”,  “Ээжээс ирсэн ааруул”,  “Шаргал дорнын говь”,  “Нутагтаа ирэхэд”,  “Манай галынхан”,  “Ээждээ”,  “Аз жаргалын наран”, “Хан Хөхийн хүчтэнүүд”,  “Хүмүүн заяа”, “Учралын шинэ жил”, “Сүүтэй цагаан ижий”, “Есөн мөнгөн товч”,  “Сэтгэлийн аяс” хөгжмийн зохиол,  “Мөнх тэнгэрийн эгшиг”, “Хүүхэд хөөрхөн”, “Өнгөт орчлон”, “Морин хуур” зэрэг 30аад уран бүтээлүүд юм.

IMGL8546

Морин хуур урлаач Б.Сүхбаатар
Анх морин хуур урлаж  эхэлсэн талаар тань яриагаа эхлэх үү?
Одоогоос  17-н жилийн өмнө 10-н жилийн сурагч байхдаа анх морин хуур хийж  эхэлсэн. Түүнээс  хойш хөгжмийн боловсролын мэргэжлийн сургуульд сурч,  мэргэжлийн хуур хийдэг газруудад ажиллаж байгаад мэргэжлийн түвшинд морин хуурыг урладаг болсон.
Ер нь яагаад морин хуур хөгжим хийх болсон бэ?
Намайг бага байхад  ээж маань нэг өдөр саахалт айлын хуур урладаг бас тоглодог өвгөнийх рүү дагуулж явсан юм  тэгээд тэр өвгөний хуур хийж байхыг  хараад анх их л сонин мэдрэмж төрж байсан юм, түүнээс  хойш  ганцхан морин хуур  зурж эхэлсэн бөгөөд  9-р ангид байхдаа анхныхаа морин хуурыг урласан. Тэр л үеэс  хойш морин хуур миний амьдралын нэг хэсэг болсон юм.
Бидний өвөг дээдэс  төрийн сүлд  хар, цагаан туг, эрийн сүлд малгай,  бүс, гэрийн сүлд  гал голомт, МОРИН ХУУР гэж дээдэлж ирсэн
Компанийхаа талаар товч танилцуулахгүй юу?
2009 онд  анх “Мөнх тэнгэрийн эгшиг”  ХХК-аа байгуулж  морин  хуураа урлаж, бас судалж, сургалт  явуулж цааш цаашаагаа л ахиад байгаа гэх үү дээ. Одоогоор бүх төрлийн хөгжмийн сургалтуудыг явуулж  байгаа бөгөөд цаашлаад  1-2 жилийн сургалттай урлагийн академи байгуулж  дипломтой төгсгөж  гадаад дотоодын оюутнуудыг  суралцуулах бодолтой байна.  Түүнчлэн манайх морин хуурын 200 гаруй үзмэр бүхий  “Жонон Хар” мүзейгээ  Монголдоо анх удаа байгуулсан бөгөөд  музей үзэхээр ирсэн гадаад дотоодын жуулчиддаа ардын урлагийн тоглолтыг үзүүлж,  Монголчуудын морин хуур яаж үүсч хөгжиж байгааг судалгаандаа үндэслэн ирсэн үзэгч жуулчдад зориулж тайлбарлаж өгдөг.
Морин хуурын музей байгуулах санаа  яаж төрөв?
Дөрөв, таван жилийн өмнөөс  би Монгол морин хуурын музей байгуулъя гэж анх санаагаа олсон. Өмнө нь ерөнхийлөгчийн зарлиг гарч , морин хуураа дээдлэх соёл  дэлгэрсэн байсан. Энэ үеэс айл өрх бүхэн морин хуураа хоймортоо залж, дээдлэхийг хичээх  болсон. Ингээд би морин хуурын түүхэн хөгжлийн судалгаа, шинжилгээ хийж, музей байгуулан, хойч үедээ хадгалж өвлүүлэх нь чухал юм гэж бодсон. Ингэсний дараа таван жилийн турш Монгол морин хууртай холбоотой баримт, гэрэл зураг, уран зураг хуучны морин хуур, эд  зүйлс зэргийг цуглуулсан.

IMGL7755
Танай музейд хамгийн хуучны үеийн ямар ямар морин хуур байна даа?
1910-аад оноос хойшхи морин хуурууд, морин хууртай холбоотой эд зүйлс музейд тавигдсан. Ер нь тэнд хүмүүст  1900-аас өмнөх үеийн хуур байгаа сурагтай. Тэдний өвөг дээдэс  1800-аад онд өөрсдийн морин хуураа урлаж үе дамжин үлдээсэн байдаг. 1945 оны морин хуур “Цогт тайж” киноны үеэс эхлэн тайзны хөгжим болсон гэх зэрэг түүхэн үйл явдлыг тодорхой баримттай  харуулсан 100 орчим гэрэл зураг байгаагаас манай музейд  30-40 нь бий.
Мэргэжлийн болон сонирхогчийн морин хуур ямар ялгаатай вэ?
Мэргэжлийн  хуурыг  урлаж  байгаа хүн нь өөрөө хөгжмийн боловсролтой , хөгжмөө ойлгодог, тоглодог ямар нэгэн хөгжимчин тоглоход мэргэжлийн шаардлагыг  хангасан байх тэр шалгууруудыг давж гарах хэмжээнд  урлах ёстой. Сонирхогчийн гэдэг маань тухайн хүн сонирхлоороо хийж байгаа учраас тийм ч өндөр шаардлагатай биш л дээ. Мэргэжлийн хуур тоглох тусмаа л сайн дугардаг, сонирхогчийн хуур бол хэлбэр төдий юм.  Морин хуур бол айлын хойморт залагдаж, дугарах бүрдээ айлд сайн сайхан бүхнийг даллаж дууддаг тийм л утга учиртай сайхан хөгжим шүү дээ.
Та өв соёлын талаар сайхан үйл хийж байгаа хүн юм. Цаашид юу хийхийг төлөвлөж байна даа?
Цаашдаа гадаадын орнуудад морин хуурынхаа төлөөллийн газруудыг байгуулж , тэндээ монгол морин хуураа сурталчлан таниулах, худалдах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Ер нь бидний гол зорилго бол Монголын морин хуур хөгжмийг өргөн цар хүрээнд судлан хийж, түгээн дэлгэрүүлэх , үүгээр дамжуулж  улс  эх орондоо болон өөрсдийнхөө эдийн засгийн бололцоог хангахын тулд нилээдгүй зүйлийг сэдэж байгаа.

1661986_1529668330627991_5072642873501147277_n - Copy - Copy - Copy

Б.Сүхбаатар нь  2017 оны 04-р сарын 24-ны өдөр Монгол бөхийн өргөөнд 19цагт өөрийн уран бүтээлийн “Тэнгэрийн эгшиг” тоглолтоороо учиран золгох гэж байна

A3-2

A3

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top