Б.Цолмонбаяр: Дуучид бид сайн л дуулахгүй бол хувцасаараа ард иргэдээс ялгарахгүй болж ээ

17240476_728000027372012_5735195421772471103_o
17240476_728000027372012_5735195421772471103_o

 

СУИС-ИЙГ ТӨГСӨХДӨӨ 40 ГАРУЙ УРТЫН ДУУ СУРСАН 

Дуучин Б.Цолмонбаяр “Ачлал энрэлийн дуун” нэртэй кино концерт хийж, үзэгчдийн хүртээл болгоод байна. Иймд сүүлийн үед шаргуу хөдөлмөрлөж буй уран бүтээлчтэй ярилцах сэдэл төрөв.

-Таны уран бүтээлийн кино концерт сүүлийн үед олон телевизээр цацагдаад байгааг харлаа. Уран бүтээлийн олз омог арвин уу?

-Арвин сайхан байна. Таны ярьж байгаа концертийг нэрэлсэн дууны шүлгийг ӨМӨЗО-ны яруу найрагч н.Чулуунбаатар бичсэн бол ая данг нь Э.Төрмандахын дуулж, олны хүртээл болгоод байгаа “Аархал” дууны аялгууг бичсэн А.Анхбаяр тааруулсан. А.Анхбаяр бид хоёр оюутан цагийн нэг анги л даа. Надад сайхан уран бүтээл төрүүлж өгсөнд баярлаж байгаа. Энэ концертод би өмнө нь дуулсан яруу найрагч Н.Баянмөнхийн шүлэг, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын аялгуу “Ээвэнгуа”, “Говь сайхан нутаг” зэрэг долоон дуу багтаасан.

-Таныг СУИС-ийн уртын дууны ангийг төгссөн гэх юм билээ. Уртын дуу багтаасан болов уу?

-Дуулалгүй яах вэ. Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг багшийн удирдлага дор мэргэжлийг нь өвөлсөн юм чинь энэ төрлийн дууг дуулах нь миний үүрэг. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр багш ч надад маш их зөвлөдөг байлаа. Тиймээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад агсны дуулсан “Уяхан замбуу тивийн наран”-г дуулсан.

-Энэ дууг эрэгтэй хүн ховор дуулсан байх шүү …

-Тийм. Ялангуяа сүүлийн үед бүр цөөхөн дуулсан. Энэ дууг манай аймгийн Дэрэн сумын харьяат Дадьсүрэн гэдэг хүн Н.Норовбанзад агсанд анх зааж байсан гэдэг. Эрэгтэй дуучдаас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат С.Цоодол, гавьяат жүжигчин Б.Лхамжав гуай нарын зэрэг дуучин дуулсан байдаг. Н.Норовбанзад агсны дуулалтыг сонсвол маш өндөр хэмжээтэйгээр дуулсан болохоор би дээрх эрэгтэй дуучдын дуулалтыг сонсч байгаад сурсан.

-Багш нараас тань шүүмж, зөвөлгөө хэр ирсэн бэ?

-Тухайн үеийнх нь дуулалтаар дуулахыг хичээсэн. Сүүлийн үеийн залуучууд аж байдлаас хөндийрөөд байгаа болохоор уртын, ардын дууг сонгож дуулахдаа цөөхөн болж ээ. Миний үеийнхэн оюутан болох гээд шалгалт өгөх үед гурван уртын дуу дуулж сурсан байх ёстой байдаг. Харин их сургуулиа төгсөх үед 40 гаруйг сурдаг. Тэр үед л би энэ дууг дуулж сурсан даа. Төгсөөд энд тэндхийн найр, наадам, ямар нэгэн арга хэмжээнд уригдахдаа энэ дууг байнга дуулна. Тэгээд байхаар яах аргагүй улам сайн дуулж сурдаг юм байна. Одоо дуулахад эвтэйхэн болсон. Багш нар ч ам сайтай байгаа.

-Мэргэжлийн дуучин бус миний хувьд энэ дууг дуулахад асар хүнд гэж ойлгож байна. Харин та “Эвтэйхэн болсон” гэдэг нь таны хоолой төдий чинээ чадалтай юм байна гэж ойлгож болох уу?

-Дээхний дуучид “Та нар дуучин болох гэж байгаа бол аль болох том дуу дуулж бай” гэдэг байсан юм билээ. Тэр зарчимаар би энэ дууг сонгосон л доо. Энэ дуу айзам. Мөн шуранхайтай. Тэгэхээр анх дуулж сурахад нэлээн хүнд.

-Уртын болон нийтийн дуу дуулах арга барил гэж бий гэдэг. Үүнд хэрхэн суралцав?

-Уртын дуу гэдэг бол үг хэлэхгүйгээр амьсгаа барьж, хоолойгоор “зодож” дуулах юм. Харин нийтийн дуу бол тэс өөр. Тухайн дууныхаа агуулгаас шалтгаалж хэрхэн амьлуулах нь харилцан адилгүй. Оюутан байхаасаа эхлээд ҮДБЭЧ-д ажиллаж байхдаа ч дандаа уртын дуу дуулдаг байлаа. Харин чөлөөт уран бүтээлч болоод нийтийн дууг хэрхэн дуулах талд суралцаад байгаа.

-Кино концертийн зураг авалт хаана хийгдсэн бэ?

-Үүнд орсон ихэнхи дуу аж байдлын сэдэвтэй болохоор малчны хотод, адуу малын дэргэд авсан. Хэнтий аймгийн Баян-Хутаг, Дундговь аймгийн Хулд суманд зураг авсан. Ерөнхийдөө сар гаруйн хугацаа зарцуулсан. Продюсероор яруу найрагч Н.Баянмөнх ах ажилласан. Түүний шүлгээр бүтсэн “Магнай хонгор”, “Аавын мөртэй нутаг” зэрэг дөрвөн дуу багтсан байгаа.

-Хэн нэгэнтэй уулзаад танилцахаар Дундговь аймгийнх гэвэл хамгийн түрүүнд “Дуулдаг уу” гэдэг. Ер нь та багаасаа энэ урлагтай нөхөрлөсөн үү?

-2002 онд цэргийн алба хаачихаад нутагтаа адуу малласан. 2004 оны сонгуулийн үеэр аймагт дууны уралдаан болохоор нь оролцсон чинь түрүүлчихдэг байгаа. Тэгсэн чинь ойр дотныхон “Чи ерөөсөө дуучин бол. Ийм сайхан дуулдаг байж хөдөө байж яадаг юм” гэхээр нь тэр жилдээ аймгийнхаа театрт дагалдан дуучнаар ажиллаж байгаад 2005 онд СУИС-д шалгалт өгч тэнцсэн.

ХАМГИЙН АНХ “ОЧООД ЗОЛГОНО ДОО” ДУУГ ДУУЛЖ СУРЧ БАЙЛАА

-Хүүхэд байхдаа дуулж байв уу?

-Аймаг, сумынхаа “Яргуй” наадамд оролцдог байсан. Таван настайгаасаа хурдны морь унаж байхад нэг уяаныхан болон ойролцоох хүмүүс намайг “Сайхан гийнгоолдог хүү байна” гэж магтдаг байлаа. Хонь, хурга хариулаад ирж байхдаа байнга дуулна. Тэгэхээр манайхан гэрээсээ гарч хараагүй хэрнээ “Баяр ирж байна” гээд таньдаг болсон.

-Хамгийн анх сурсан дуу гэвэл …

-“Очоод золгоно доо”-г сурсан. Миний үеийнхнийг бага байхад энэ ид дуу хит болж байлаа шүү дээ. Сумын төвд сургуулийн хүүхдүүдийн дууны номер болоход ах нар намайг оруулсан юм. Би ч өнөө “Очоод золгоно доо”-г дууллаа. Би дуугаа дуулж дуусчихаад тайзнаас буулгүйгээр гурван ч удаа давтаад дуулсан байх. Учир нь нэг дуулаад буухаа мэдэхгүй дуулаад байх ёстой юм байна гэж бодсон хэрэг л дээ. Гэтэл тайзны араас нэг том гар гарч ирээд намайг хуу татаад орсон. Тэр миний анхны тайз бас санаанаас гардаггүй хөгжилтэй түүх болж үлдсэн.

-Ингэхэд таны удамд дуучин хүн бий юу?

-Ээж маань манделин хөгжимөөр их эвлэгхэн дуулдаг. Цэцэрлэгийн хөгжмийн багш мэргэжилтэй хүн л дээ. Ээжийн маань ээж ч гэсэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат Тулга гэж хүн байсан юм билээ. Нутгийнхан эмээг “Тулгагүй найр гэж байхгүй” гээд залж авч явж, дуулуулдаг байсан гэж буурлууд ярьдаг. Тэгэхээр ээжийн талд дуучин хүн байгаа биз. Харин аавын талынхан уяачид. Аав болон хоёр том ах аймгийн алдарт уяач цолтой. Бага ах, дүү хоёр сумын заан. Цолгүй нь би л байна даа (инээв).

-Таны ярианаас сонсход адуу маллаж байгаад уртын дуучин болсон гэж ойлгол оо…

-Бараг тийм дээ. Гэхдээ аймгийнхаа театрт дагалдан дуучнаар ажиллаж байхдаа багагүй зүйл сурсан. Мөн тэр үед манай нутгийн уртын дуучин Базарбат багш их зүйл заасан. Багш маань мэнд байхдаа “Авах юм байвал надаас аваарай. Би удахгүй өнхрөөд өгнө шүү” гэж хэлж билээ. Түүнээс хойш нэг их удаагүй “явчихсан” даа. Намайг хөдөө адуу маллаж байхад Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын зэрэг дуучид ид гарч ирж байлаа. Бараг айл бүр телевизийн караокей, DVD-тэй байсан. Мөн Г.Эрдэнэбат ахын “Гэртээ ирлээ” гэдэг дуу хит болж байв. Эдгээр хүний дууг энд тэнд явж байхдаа дуулаад л явдаг байсан.

-Таны оюутан ангиас өнөөдөр уран бүтээлээрээ ялгарч яваа уран бүтээлч гэвэл хэн хэн байна вэ?

-Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, дуучин Э.Төрмандах, А.Анхбаяр, Б.Чанцалдулам, П.Амартүвшин нарын зэрэг дуучин бий. Ер нь манай анги үе үеийнхнээс амжилтаараа ялгардаг шүү. Одоогоор манайхны ихэнхи нь УДБЭТ болон “Сүлд” чуулгад ажиллаж байна.

-Танай сургууль руу болон оюутны дотуур байр руу орсон хүмүүс “Галзуу хүмүүсийн байр руу орчихсон юм шиг санагдлаа” гэдэг. Учир нь орилж хачгачаад, жүжиглээд л. Энэ үгийг та өмнө нь хэн нэгнээс сонсч байв уу?

-Сонссон. Ер нь би энд тэнд их ад үзэгдсэн. Оюутны байранд байхад манай тасаг ядаж байхад жижүүрийн өрөөний дэргэд. Намайг өрөөндөө дуулахаар тэр эхлээд “Дуугай бай” гэж загнадаг байсан бол дараа нь гуйдаг болсон. Уг нь би хичээлээ хийгээд байгаа байхгүй юу. Юм бичдэг хүн бол чимээгүй бичээд суухсан.

МЯНГАТ МАЛЧИН ГЭДЭГ ШИГ БИ ЯМАР МЯНГАТ ДУУЧИН БОЛОХ ГЭЖ БАЙГАА БИШ

-Бие даасан анхны бүтээлээ ямар дуугаар эхлүүлэв. Ялангуяа анхны бүтээлийг FM, телевизээр сонсоход гайхалтай мэдрэмж төрдөг гэдэг дээ …

-Аймгийнхаа тетарт шинэ жилийн тухай дуугаар эхэлсэн. Түүнээс хойш “Би нийтийн дуу дуулж чадах юм байна” гэж бодсон. Ингээд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан багшаас “Зүрхний лимбэчин бүсгүй” дууг авч дуулсан. Шүлгийг нь П.Лхагвасүрэн гэдэг хүн бичсэн юм. Энэ дууг сонссон хүмүүст их таалагдсан. Дараа нь Ардын уран зохиолч П.Бадарчийн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр ахын аялгуу “Есөн эрдэний орон”-г Э.Төрмандахтай хамтарч дуулсан. Уг нь би энэ дууг ганцаараа дуулах гээд “Анир” студийн захирал Б.Алтанхуяг ахаар хөгжмийн найруулгыг нь хийлгэчихсэн байсан юм. Гэтэл Э.Төрмандах таарч, “Хамтдаа дуулах уу” гэсэн санал тавихаар нь зөвшөөрч дуулсан.

-Урсын сандаа хэчнээн бүтээлтэй болоод байна вэ?

-20 орчим. Их сургууль төгсөөд долоон жил болоход ийм тооны бүтээл төрүүлсэн байна гэдэг цөөхөнд орно. Миний зарчим бол тоо биш чанарт анхаардаг болохоор ийм байх. Өөрт тохирсон, таалагдсан, амьлуулж чадах дууг л дуулдаг. Мянгат малчин гэдэг шиг би ямар мянгат дуучин болох гэж байгаа биш.

-Дуучид цомог гаргавал тоглолт хийдэг. Танд ийм санаа байна уу?

-Зарим дуучин шиг болсон болоогүй хэдэн дуу дуулчихаад тоглолт хийхийг хүсэхгүй байна. Өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлснийхээ дараа л хийнэ.

-Дээр та адуу малладаг байсан гэж хэлсэн. Дуучин болоогүй байсан бол адуучин болох байсан уу?

-Тийм. 17 настайгаасаа адуу малласан.

-Морь уургалахдаа сайн уу?

-Давгүй ээ. Нутгийнхан хурдны морио барьж эхлэхдээ намайг дуудаж уургалуулдаг байсан. Цэрэгт явахын өмнө хүүхэд байсан болохоор хөөрөөд л уургална. Эмнэг хангалыг ч ихэвчлэн сургана. Хоёр том ах тусдаа гарчихсан байсан болохоор би л хамаг ажилаа амжуулна даа.

-Ах, дүү хоёр тань барилддаг гэсэн. Танд зодог шуудаг өмсөх сонирхол байгаагүй юм уу?

-Хүүхэд байхдаа барилддаг байсан. Бага ангид сурч байхдаа сумынхаа хүүхдийн барилдаанд хүч үзэж, түрүүлээд Орос бакалаар шагнуулж байлаа. Тухайн үед энэ гутал их үнэтэй байсан болохоор том шагналд тооцогдоно л доо. Цэргийн албаа Дорноговь аймгийн 0129 дүгээр ангид хаасан. Тангарагын баяраар мөн адил зодоглож, үзүүрлэж байв.

ЯРУУ НАЙРАГЧ Н.БАЯНМӨНХ АХ НАДАД БАЙНГА ЗӨВӨЛГӨӨ ӨГДӨГТ НЬ БАЯРЛАДАГ 

-Танай нутгийн Боржигны газрын зургийг харахаар хонины ходоодны хэлбэртэй болохоор “Буян хишгийн даллагатай газар” хэмээн нутгийнхан тань билгэддэг гэсэн. Мөн Боржигон найр гэж бий. Энэ найранд сууж байв уу. Одоо суувал нэлээн дээгүүр морилох байх даа …

-Одоо суувал нэлээн дээгүүр сууна аа. Том ах 1996 онд цэргээс халагдаж ирэхдээ энэ найрыг хийхэд сүүлийн хүн нь зургаа хоносон гэсэн яриа байсан. Их өргөн найр болсон. Найр найраас ер нь онцлог ихтэй. Харин сүүлийн үеийн залуучууд найрлаж чадахаа байж хэмээн аав маань ярьж байсан.

-Сүүлийн үед дуучид тодорхой нэг хөгжмийн зохиолч, яруу найрагч, хөгжмийн найруулагчтайгаар баг болж, ажилладаг болж. Та хэний багт байна вэ?

-Яруу найрагч Н.Баянмөнх, “Face” студийн захирал С.Жаргал нарын багт байдаг. Н.Баянмөнх ах надтай чин сэтгэлээсээ харьцаж, зөвөлгөө өгдөг. “Энийг яах вэ” гээд очихоор дандаа гаргалгааг нь хэлж өгдөг.

-Дундговийг дуу хуурын өлгий гэдэг. Дээхнэ үеийнхнээс нэрлэвэл Н.Норовбанзад, Ж.Дорждагва, Ц.Дэлгэр, А.Дашпэлжээ. Гэвч Монгол Улсын гавьяат жүжигчин С.Цогтсайханаас хойш уртын дуучин тасрах нь үү дээ гэсэн яриа байсан. Гэтэл Э.Төрмандах та хоёр хуучныг эргэн сануулах шиг боллоо. Энэ их хариуцлага шүү …

-Ямар ч үед сайн дуулах хэрэгтэй. Ханиад хүрсэн байх үед тааруу дуулах тохиолдол бий. Гэвч хэн ч зөвөөр ойлгохгүй шүү дээ. “Хөөрхийдөө ядмагхан л дуулах юм даа” гэдэг. Тэгэхээр өөрийгөө зөв авч явж, сайн дуулсаар байх ёстой. Ер нь манай нутгийн дуучдын өнгө аяс бусад аймгийн дуучдаас ялгардаг шүү.

-Дуучид олон сайхан дээл өмсдөг. Та хэнээр урлуулдаг вэ?

-Аль болох сайхан дээл өмсөхийг хичээдэг. Гэхдээ энгийн ардууд биднээс илүү ганган дээл өмсдөг болжээ. Тэгэхээр бид ямар хувцас өмсөх нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Хамгийн гол нь дуугаа л сайн дуулж, ялгарч байвал болох нь тэр. Хувцасаараа бол илүү гарахгүй юм билээ. Энд тэндээ цацагтай, өвөрмөц хээтэйгээр л хийхгүй бол болохгүй нь. Мөнгөтэй хүмүүс чинь “С.Жавхлангийнх шиг, Э.Төрмандахынх шиг дээл хийлгэе” гээд л өмсдөг болж.

-Уран бүтээл хийхэд санхүү их чухал. Одоогоор өөрийгөө спонсорлож байна уу, ивээн тэтгэгчтэй юу?

-Миний анхы цомогт 12 дуу орсон. Тэдгээрийн нэг болох “Аварга цэгээн” дуунд шаардагдсан бүх зардлыг яруу найрагч Н.Баянмөнх ах гаргасан. Бусдыг нь би өөрөө бий болгосон. Дашрамд хэлэхэд энэ удаагийн кино концертыг хийхэд Н.Баянмөнх ахын “Бодол шиг” студийн хамт олон, С.Жаргал ахын “Face” студи, зураглаач Уламбаяр, манай найз Пүрэвхангай нар хамтран ажилласан. Санхүүгийн хувьд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Ш.Баянбат, Л.Алтанхуяг ахаар ахлуулсан “Тэнүүн говийн хурд” гал, Ганцогт ах, Дундговь аймгийн харьяат Чинзориг, “Сант шарга” ХХК-ийн захирал Д.Төмөр найз, “Их тайж” ХХК-ийн захирал Батболд, Р.Бадрал ах гээд олон хүн туслаж дэмжсэн дээ.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсэе. 

Эх сурвалж mnb.mn                                                                                                                                                                                                                                              Нийтэлсэн: У.Баярсайхан

https://www.youtube.com/watch?v=xZz-K50PY8A

 

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top