BBC-д онцлогдсон Б.Батжаргал

13606616_1148425368536856_4810816625299561771_n

 

13606616_1148425368536856_4810816625299561771_n

Английн “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын дуучдын “Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шалгаруулалтад Монголын хоёр дуучин үлдсэн мэдээлэл сар шинэтэй зэрэгцэн цацагдсан. “BBC” телевиз, Уэйлсийн үндэсний дуурийн театр, Кардифф хотын зөвлөл хамтран 1983 оноос эхлэн зохион байгуулж буй эл уралдаанд 400 гаруй дуучин оролцсоноос сүүлийн шатанд Монгол, АНУ, Армен, Өмнөд Африк, Укриан, Белги зэрэг орны 20 дуучин багтсан юм. Тэдний дунд Чингисийн одонт, Гавьяат жүжигчин баритон Г.Ариунбаатар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, теонер  Б.Батжаргал нар шалгаран үлдсэн. Ингээд энэ удаагийн сонгодог урлагийн булангаар Б.Батжаргалыг онцолж байна.

1969341_697739720272092_465807709_n

Б.БАТЖАРГАЛ ШАЛГАРУУЛАЛТАД ХЭРХЭН ОРОЛЦОВ?

Хоёр жил тутамд зохиогддог “Cardiff Singer of the World” уралдаан бол дэлхийн сонгодог урлагийн уран бүтээлчдийн чанар, чансааг харуулсан уралдаан юм. Энэхүү уралдааны “Хамгийн шударга уралдаан” гэж олон улсад үнэлэгдэж, уран бүтээлчид ч энэ хэрээр өөрсдийгөө сойдог байна. Уралдааны эхний шалгаруулалтад дуучдаас бичлэгийг сонсож үнэлдэг байна. 2016 оны зургадугаар сард бүх оролцогчид бичлэгээ явуулсны дагуу наймдугаар сард зохион байгуулагчид дараагийн шатанд тэнцсэн уран бүтээлчдэд мэдэгджээ. Харин дараагийн шатанд шалгарсан дуучдыг АНУ, Европ, Азийн орнуудад сонсдог байна. Өөрөөр хэлбэл дуучид финалд үлдэх шалгаруулалтын өмнө тухайн хотыг сонгож, тэнд шалгуулдаг аж.  Г.Ариунбаатар, Б.Батжаргал нарын хувьд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Берлин хотыг сонгож, арванхоёрдугаар сард шалгаруулалтад оролцжээ. Энэхүү шалгаруулалт хаалттай байна. Дэлхийн олон оронд урьдчилсан шалгаруулалт явагддаг учир зөвхөн шилдэг 20-л сүүлийн шатанд үлдэх юм. Харин энэхүү шилдэг 20-н нэрсийг хоёрдугаар сарын сүүлээр зарласан бөгөөд тэдний дунд Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар багтжээ.

ШИЛДЭГ 20 ДУУЧИД ХЭДИЙНЭ БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧЭЭ

Шилдэг 20 дуучид дунд теонер хоолойтой БНСУ, Өмнөд Африк, Австрали, Монголын дуучид бий. Б.Батжаргал тэдний дунд багтсан. Харин тэрбээр шилдэг 20-д үлдсэн БНСУ-ын Константин Леег сайн мэддэг аж. Тэд урьд нь хоёр уралдаанд хамт оролцож байжээ. “Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шалгаруулалт ирэх зургадугаар сарын 18-25-ны өдрүүдэд Их Британийн Уэльсийн нийслэл Кардиффи хотод болох юм.

Эцсийн шалгаруулалтад үлдсэн 20 дуучин тав таваараа дөрвөн хэсэг болон хуваагдах аж. Ингээд хэсгийн ялагчид болон шүүгчдийн саналаар нэг дуучин үлдэж, нийт таван дуучин дахин тэргүүн байрын төлөө өрсөлддөг байна. Энэ жилийн уралдааныг найруулагч Дэвид Поунтней, Америкийн меццо сопрано Грэйс Бюмбри, БНСУ-ын сопрано Сүми Жо, Германы баритон Томас Куастоф нар шүүнэ гэсэн мэдээлэл гарчээ. Уралдааны ялагч 15 мянган фунт стерлингийн мөнгөн шагналыг хүртэх юм. Гэхдээ энэ удаа дуучид хоёр тэмцээнд оролцоно. Эхнийх нь дууных бол нөгөөх нь ари аж.

Сануулахад, “Cardiff Singer of the World” уралдааны 2015 оны эцсийн шалгаруулалтад Гавьяат жүжигчин Э.Амартүвшин шалгарч, улмаар үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан билээ.

Б.БАТЖАРГАЛ УРЛАГИЙН ГЭР БҮЛД ӨСЧЭЭ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт бямба, ням гариг бүрд тоглолттой байдаг. Тиймээс Б.Батжаргалын хувьд байнгын бэлтгэлтэй байгаагаа хэлж байв. Мөн тэрбээр уралдааны финалын шалгаруулалт дөхсөн учраас илүү цагаар ажиллаж бэлтгэлээ хийж байгаа аж. Дэлхийн дуурийн дуулаачдын чансааг шалгасан “Cardiff Singer of the World” уралдаан гурван сарын дараа эхлэх учраас шилдэг 20 дуучид хэдийн бэлтгэлдээ орсон. Өөрийн авьяас билгээ дэлхийн сонгодогт урлагт үнэлүүлж яваа Б.Батжаргал урлагийн гэр бүлд өсчээ. Түүний аав Т.Баярсайхан Дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучнаар, ээж Д.Бямбасүрэн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин байжээ. Улаанбаатар хотод төрж, өссөн Б.Батжаргал Баянгол дүүргийн 46 дугаар сургуулийг дүүргэжээ. 2012 онд СУИС-ийг дуурийн дуучны мэргэжлээр төгссөн тэрбээр Гавьяат жүжигчин Д.Банди, Д.Ганхуяг нарын шавь юм. Өдгөө тэрбээр УДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллаж байна.

Б.Батжаргал хамгийн сүүлд буюу 2016 оны аравдугаар сард Оросын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанаас хүрэл медаль хүртжээ. Энэхүү уралдаанд 2014 онд Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар оролцож, тэргүүн байр эзэлж, “Гранпри” шагнал хүртэж байсан бөгөөд өдгөө тэд BBC-гийн уралдааны бэлтгэлдээ хэдийнэ оржээ.

Б.БАТЖАРГАЛЫН БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:

  • Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс”  согтуу, хэлхээ нөхөд
  • Ж.Бизе “Кармен” дуурийн Хозе
  • Ж.Верди “Трубадур” дуурийн Манрико
  • Г.Доницетти “Лучиа ди Ламмермур” дуурийн Артур
  • Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн ноёны дагуул
  • Ц.Нацагдорж “Гүн гэрийн гүнж”
  • Л.Мөрдорж “Хөхөө намжил” дуурийн  Хөхөө Намжил
  • 2014 онд “TRE TENORI” сонгодог концерт тоглосон.
  • 2013 онд ОХУ-ын Красноярскийн театрт А.Бородины “Игорь Ван” дуурийн тусгай тоглолтонд Владимир Игоревичийн дүрд тоглосон
  • 2013 онд ОХУ-ын Красноярскийн театрт А.Бородины “Игорь Ван” дуурийн тусгай тоглолтонд Владимир Игоревичийн дүрд тоглоод байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

Like
Like Love Haha Wow Sad Angry
1
Via.mn
Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top