Яруу найрагч Мягмарын Цэрэнтогтохын “Ингэн хавтгайн тэшээ” найраглал

15896247_555517284638104_9106963028464138948_o

15896247_555517284638104_9106963028464138948_o

Алтайн өвөр говиор аялсан шүлгэн тэмдэглэлээ та бүхэндээ өргөн барьж байна.

Сэтгэлээс ундарсан үгсээ хэлхэн ингэн

Хавтгайн сүүгээр мялааж та бүхнийхээ сэтгэл рүү тэшүүллээ…

ИНГЭН ХАВТГАЙН ТЭШЭЭ
Үүлс хөвсөлзсөн Алтайн
Өвөр говийг зорилоо
Үйлс гэгээн олны
Өнөр бүлд багтлаа
Үзэсгэлэнт говь нутгийн
Өндөр босгоор алхаж
Үнэн түүх домгийн
Өргөн жимээр аялахдаа
Эрдэнийн сайхан нутагтаа
Энхийн чимэг болж
Эрхэм ижил сүргээ
Эхийн сэтгэлээр энэрсэн
Ингэн Хавтгайн тухай
Энэ найраглалаа бичлээ
Эх сайхан орныхоо
Хилийн шугамыг давалгүй
Идээшиж өссөн нутагруугаа
Эргэн буцаж бэлчсэн
Энхрий хөөрхөн ботгоо
Энх мэнд өсөөсэй гэж
Ижил олон сүргээ
Эгнэгт хамт байгаасай гэж
Дархан их говио
Дандаа амгалан оршоосой гэж
Бүлээн сүүгээ ивэлгэж
Бүрдэн дундаа тэшсэн
Хавтгай эхийн орон
Хангал сайхан говийг
Найман зүгээс нь ширтэж
Найраг дуундаа магтмуу
Алтан хөрснөөс нь адислаж
Ашдын ерөөл өргөмүү
Задгай сансар шиг хязгааргүй
Захуй зармангийн говийн
Заган шугуй алсарсан
Заяа нь тэнэгэр нутгийн
Хадган их огторгуйд
Хараа сунган оршихуйд
Сэмбэрүү цагаан үүл нь
Сэмэрч нийлэн бүжиж
Сэтгэлээс урссан аялгуу
Сэргэж амилан эгшиглэнэ
Ергүүлсээр хүүгээ ирэхэд
Ерөөл буянаа дээжилдэг
Ертөнцийн Ээж хайрханы
Есөн тунгалаг тогоонд
Дорнын тэргэл саран
Домог шивнэн асгарч
Долоон бурхан одод нь
Догдлох сэтгэлд зэллэнэ
Алсын харгуйг саравчилж
Алдрай үрсээ хүлээсэн
Аав ээжийн төрхтэй
Атас, Ингэс ууланд нь
Амгалан тэнгэрийн наран
Алгуур алжаан өнжихүйд
Суудал торгон говийн
Сул хонгор салхи нь
Сульдаа нь үгүй хүлгийн
Суман дэл шиг дэрвэлзэнэ
Өглөөний гэрэлт нарыг
Өргөн долгиондоо бүүвэйлж
Өрнүүн сайхан ивээлээр
Өөдрөг бүхнийг ундаалсан
Одот тэнгэрийн мэлмий
Оргилуун сэтгэлийн ундарга
Отгон, Богцын булаг нь
Очих бүрийд тунгалаг
Туулаад барамгүй уужим
Дурсаад барамгүй арвин
Шандаст хүлгийг цуцаам
Шаргын говь нь хөвөрнө
Зэллэн дэргэх шувуудын
Зэрэглээнд ууссан нүүдэл шиг
Зээгтэх баян бүрдийн
Зэгс хулсан төгөлд нь
Алтан говийн хөрс шиг
Ариун хайраар ижилдсэн
Амраг хосууд болзож
Аз жаргалаар мишээнэ
Ээл, ивээлээ хайрласан
Эдрэнгийн уудам нуруунаас
Эртний цадигаар амьсгалсан
Ингэн хөөврийн хоолойгоос
Харгуй жим нь дурайсан
Хар сайрын говиос
Хайрын тэнгэрт дүнхийсэн
Хатан суудалын энгэрээс
Цангаа тайлам дурсамжтай
Цагаан бургасны шугуйгаас
Сунаж алсран тогтсон
Сувраа олон уулсаас
Наран дулаан говьдоо
Насан үүрд оршсон
Домогт амьтдын тухай
Дотно хууч дэлгэвээс
Уугуул сайхан монголын минь
Урсгал номин говиос өөр
Уудам дэлхийн хаана ч
Угтах ижил нь үгүй
Майга хөөрхөн алхаатай
Мазаалай баавгайн орон
Манхан дуниарт говио
Магтаад магтаад барамгүй
Бүжин дэрсэн толгодын
Бүлээн энгэрт нарлаж
Бүүвэй зөөлөн хөрсөнд нь
Бүл нэмэн өссөн
Эргэх цэнхэр замилангаас
Эрээд бас олохгүй
Бөртөн бөртөн идээшлэх
Бөхөнгийн сүрэг нь налайна
Нандин тэргэл говьдоо
Налж хөрвөөн идээшиж
Наран хонгор зүсээрээ
Найргийн онгод хөглөсөн
Хувьтай төрсөн нэгэн ч
Хуйваа даялаж гүйцээгүй
Хуй салхинаас ч хурдан
Хулангийн сүрэг эрчилнэ
Азын тэнгэрт шаргисан
Атга дүүрэн шагай шиг
Аараг толгодоо сүлжин
Алдуурсан сум шиг исгэрч
Соотон хоёр чихээ
Сортос хийлгэн дэгдсэн
Хатан говийн чимэг
Хар сүүлт нь жирийнэ
Хуйлрах цагийн тоосонд
Хулжиж домог болсон ч
Ховорхон заяаны ивээлээр
Хошуу нутагтаа ирж
Хурайлах сэтгэлд үүрссэн
Хурдан буяны өвөг
Хул хонгор Тахийн
Хурдалж цэнгэсэн өлгий
Энэ найргийн дүр
Элсэн говийн сүлд
Эрхэм Хавтгайг нэмээд
Эдгээр ховорхон амьтдыг
Зуны нар шиг дулаахан
Зулзган хайр шиг танхилхан
Зураг шиг тансаг говийн
Зургаан гайхамшиг гэнэм
Ийм л сайхан нутгийн
Эзэн чимэг болсон
Ингэн хавтгайн тухай
Эргэж нэг дуулваас
Цэлгэр уудам хөндийгөөр
Цэцэн сонороо анирдаж
Цэнхэр Номингийн говиороо
Цэцэг зүсэн бөмбөлзөнө
Цаг цагийн үнэний
Цадиг түүхийг хүүрнэж
Цагаан шавартын уулсын
Цаах нь наах нь ч торолзоно
Тооройн төгөлийн бүрднээсээ
Тольдон тольдон ундаалж
Торгон цэнхэр дэлхийгээ
Тормос тормос ширтэнэ
Далай уяхан зэрэглээн
Давалгаанд уусан тэмүүлж
Дасаж ижилдсэн амрагийн
Далдхан сэтгэлийг гэгэлзүүлнэ
Бурханы гэгээн дүр шиг
Буйдхан сэтгэлд намбайсан
Буцаад биднээс нүүхгүй
Буурал уулсаар хөвөөлсөн
Будант шаргал хөндийн
Бударгана загаа сүлжиж
Бусдаас үрээ харамлан
Буйлан буйлан тэшинэ
Ширээ толгод бөхөнд нь
Шинэхэн мандсан наран
Шийдэж ханилсан амрагийн
Шижир бэлзэг шиг гялалзана
Асарлах нуруудын бэл
Атар сайрын дэнжээр
Алдалж тэшсэн мөр нь
Арга билиг сийлнэ
Улсын гоо дагина
Урдуур хойгуур гунхах шиг
Уран гоолиг тэшээ нь
Уяхан сэтгэл хөглөнө
Ээжийн хайр шиг ундарсан
Эхийн голын бүрд нь
Сэтгэлийн асарт сүндэрлэсэн
Сэгс цагаан богд нь
Ханаран халиуран бэлчих
Хавтгайн өнөр сүргээ
Харуулдан харуулдан хүлээнэ
Хайрлан хайрлан дурсана
Саардагийн хаан тоорой
Саравчилж ширтэн гэгэлзэнэ
Саахалтын олон бүрд нь
Санан долгилж мэлтэлзэнэ
Өсөж үржихийн бэлгэдэл
Өхөөрдөм хөөрхөн ботго нь
Өөдөөс нь тэших эхийгээ
Өмс өмс угтаж
Бүлтгэр тормон нүдээ
Бөлбөс бөлбөс ширтэж
Бүлээн цагаан сүүгээ
Бөмбөс бөмбөс хөхнө
Эх үрийн хайрыг
Эндээс ширтэн ажихуйд
Элбэрэл зөөлөн бүүвэй
Эрхгүй сэтгэлд уянгална
Ижил сүргээ өсөөсэй гэж
Ингэн хавтгай тэмүүлж явна
Ивээлт говио чимэглэн
Ингэн хавтгай тэшиж явна
Илбэн үлээх салхинаас
Итгэлийн үнэр анхилсан
Ийм сайхан диваажинд
Ирсэн сэтгэл хоргодоно
Урт аяны харгуйд
Ганзага нийлэх хүмүүн та
Улс улсын чандаас
Сэтгэл гэгэлзэх зочин та
Хайрын нандин төгөлөөр
Хамтдаа зугаалж алхъя гэвэл
Харгиа тунгалаг горхиноос нь
Харцаа тогтоож хүртье гэвэл
Зуун зууны түүхийг
Зураг хуар шиг тольдоё гэвэл
Зузаан бат нөхөрлөлийг
Зул шиг үүрд бадраая гэвэл
Дээвэр тэнгэрийн наранд
Дэндүү ойр очьё гэвэл
Дэлхийд хосгүй гайхамшигийг
Дэргэдээс нь харж бахдья гэвэл
Алдарт монголын үүд
Аугаа домгийн өлгий
Алтайн өвөр говиор
Аялан зочилон ирээрэй.
М.Цэрэнтогтох
2016.10.24

Like
Like Love Haha Wow Sad Angry
Via.mn
1 Сэтгэгдэлтэй

1 Сэтгэгдэлтэй

  1. Anonymous

    2017-03-03 at 23:20

    Dajgui shuu

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

Эрэлттэй мэдээллүүд

Эрэлттэй

To Top